Зүүн бүсийн мал сүрэг сүүлийн 10 гаруй жил тасралтгүй өсөж байна. Дорнод аймаг нь зүүн бүсийн тулгуур төв бөгөөд Монгол улсын нийт малын 15 хувь буюу 10 гаруй сая мал зүүн бүсэд өсөж үржиж байна. Дорнод аймгийн мал сүргийг төрлөөр нь авч үзвэл 48.7% нь хонь, 28.8% нь ямаа, 12.1% нь адуу, 10.1% нь үхэр, 0.3% нь тэмээн сүрэг байна. Зөвхөн Дорнод аймгийн хувьд жилд нийт малын 23.4 хувьтай тэнцэх 631,165 толгой малыг хэрэглээнд зарцуулсан байна. Харин хэрэглээнд зарцуулсан малыг 5 хошуу малын махны дундаж гарцаар авч үзвэл адууны мах 7698.2тн, үхрийн мах 8109.8тн, хонины мах 6646.0тн, ямааны мах 2976.6тн махыг хэрэглээнд зарцуулсан байна. Зүүн бүсээс хэрэглээнд зарцуулж байгаа мал махны зөвхөн 7 орчим хувийг л манай мах боловсруулах үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байж боловсруулах боломжтой. Үүнээс үзэхэд мал, мах бэлтгэл түүхий эдийн нөөц хангалттай байгаа нь харагдаж байна. Бид мах бэлтгэлээ Дорнод аймгаас гадна Хэнтий, Сүхбаатар аймгийн ард иргэд малаа ойрын зах зээлд борлуулах олон талын таатай нөхцөлийг санал болгон ажиллаж байна.